Pages

Friday, April 27, 2012

Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд!!!

Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй
Үнэн минь алдрахыг чи үзэхгүй
Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй
Төрөл минь тасрахыг чи үзэхгүй
Соёмбо минь бүдгэрэхийг чи үзэхгүй
Соёл минь солигдохыг чи үзэхгүй
Онон минь ширгэхийг чи үзэхгүй
Олон минь зовохыг чи үзэхгүй
Хэнтий минь намсахыг чи үзэхгүй
Хэрлэн минь татрахыг чи үзэхгүй
Хийморь минь доройтохыг чи үзэхгүй
Хойморь минь ханхайхыг чи үзэхгүй
Сүлд минь унахыг чи узэхгүй
Сүнс минь дээшлэхийг чи үзэхгүй
Сэтгэл минь сэвтэхийг чи үзэхгүй
Сэрэмж минь алдрахыг чи үзэхгүй
Ухаан минь самуурахыг чи үзэхгүй
Учирсан минь салахыг чи үзэхгүй
Эв минь эвдрэхийг чи үзэхгүй
Эзэн минь залрахыг чи үзэхгүй
Дуу минь саарахыг чи үзэхгүй
Дуулиан минь тасрахыг чи үзэхгүй
Балчиг шавар дундаас нь
Бадамляньхуа ургадаг юм
Баруун шугуй дунд нь
Цагаан хус хяралздаг юм
Хогтой агаар дунд нь
Сэржигнэнхэн дэлбээлдэг юм
Хогийн өвсөн дунд нь
Алтан харгана туяардаг юм.
Олон тэнэгүүд дундаас нь
Цэцэн мэргэд нь төрдөг юм
Овоохой бор гэрт нь
Хүчит суутнууд төрдөг юм
Орчлонгийн жам
Гутарч гунихийн хэрэггүй
Орог саарал мананг дэвтээж
Саран туяардаг юм
Харанхуй шөнийн тэнгэрт
Одод хүчтэй гэрэлтдэг
Хангайн уулын тагтанд
Вансэмбэрүү ургадаг
Өвс ногооноос зайдуу
Өнө мөнхийн зэвэргэн салхинд
Гундуухан байж ургадаг
Амьдралын хар бараанаас
Гэрэл гэгээг нь ялгасан
Азтай тэр хүн
Алсын замд гундахгүй
Ертөнцийн эгэл амьдралаас
Зөв замыг сонгосон
Ерөөлтэй тэр хүнд
Аяны олз алдахгүй
Харанхуй дунд гэрэлтдэг зул гэж байдаг
Хамгийн дундаас тодордог хутагт гэж байдаг
Даваа хэдий өргөн ч
Гаталж чадсан нь ялж байдаг
Бүргэд болжмороос айдаггүй шиг
Хорвоогоос би айхгүй
Арслан гөрөөснөөс айдаггүй шиг
Үхлээс би айхгүй
Аав нь хүүгээсээ айдаггүй шиг
Үнэнээс би айхгүй

1998 оны Болор цом. О.Дашбалбар

Thursday, January 12, 2012

Аз жаргал гуйлгачин шиг

Бямбажавын Энхтуяа
Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм

Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал

Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм
Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зурагтөөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм

Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур

Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга

Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм

Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг бүү буцаа...

1996

Эх сурвалж:  http://ankhuushka.blogspot.com/2009/04/x_26.html

Saturday, November 19, 2011

,,,

С.Батмөнх 

Уулс бус бид өвгөрнөм
Үүлс бус бид өнгөрнөм
Ус гол бус бид урснам
Цасан бус бидэн бударнам
Тэнгэр бус бидэн харанхуйлнам
Тэнгис бус бидэн хуйларнам
1993.10.05

Цагаахан үүрийн гэгээг хайрла
Цагаахан үнэний тэнгэрийг хайрла
Цагаахан үлгэрийн шувуудыг хайрла
Цагаахан хүслийн үзүүрийг хайрла
Цагаахан хүний итгэлийг хайрла
Цал буурал ижийн сүүн сэтгэлийн үүдэл
Цагаахан, цагаахан юм бүхнийг хайрла.
1995.06.21

Сэр, сэр салхитай нь арван сарын эхэндээ,
Сэм, сэм бодогдох нь амрагийн жаахан чи минь дээ
Сэтгэл догдлоод болдоггүй нь аргагүй аргагүй л хайр даа
Сэрүү татаад дуниартах нь алиа цагийн аяс даа
Үес үес салхитай нь өвлийн сарын өмнө дөө,
Үе, үе бодогдох нь үргэсэн янзага чи минь дээ
Үглээ шувууд жиргэхгүй нь үдэш үдшийн аяс даа
Үгээ хэлээгүй юмсан даа, өнжин хүлээх байгаа даа
1993.10.04

Цаг цагийн хөхөө
Өөр, өөрийнхөөрөө донгодно
Цахилдаг, цахилдагны өнгө
Үе үеэрээ солигдоно.
1996.01.07

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү

О.Дашбалбар

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү

Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү

Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг ажму
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг харму
Эх орон минь таны хүч л надад шингэснээс би хүчтэй явму
Энэрэл хайр тань надад ирснээс би бусдыг хайрлаж сурму

Аяа, эх орон минь ээ
Догшин ширүүн галыг ч би таных л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам
Аяа, эх орон минь ээ
Ариун тунгалаг агаарыг ч таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм
Аяа, эх орон минь ээ

Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмү
Амьд яваа минь таны гүн их таалал буюу
Хад чулуунаас ч би таныгаа олж үзмү
Хатан дэлхийн өвсөн ногооноос та босч ирмү
Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд оршиж
Хар муу үйлийн замаас биднийг холтгому



Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таныг хэлмү
Энх тунх явааг минь та ивээхдээ
Эрх биш түмэн амьтанд таны хайрыг хүртээх увидас хайрла
Энэхуу ертөнцийн туйл үнэн буй бөгөөс түүний мөн чанар
Эгнэгт эс мөхөх ч, бас би эс бологч
Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч
Төв цэг нь хаа сайгүй оршигч
Төрсөн бүхний учир шалтгаан
Төгөлдөрөөрөө өөр тэнцэх юм огт үгүй ээ
Эх орон минь тандаа би мөргөмү
Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та тунгааму

Ариутгагч бас аврагч эцэг минь алтан мутраараа адислаж
Хүссэн бүхнээр минь болгоож хайрла
Сайн үйл мөнхийн дагуул минь болог
Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг
Бялдууч явдал дууг минь сонсоод устаг
Бас аймхай амьтад дуугарч чадалгүй дөлөг
Өвчин бүхэн намайг тойрог
Өвдсөн зовсоныг тэрчлэн би ачлаг

Амьсгалах тоолон надад та нэвтрэн орж ирмү
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Ухаан бодол минь таныгаа баясгахаар уужим болог
Уг чанар минь хүн чанар л болог ээ
Эх орны минь мөн чанар гоо сайхныг бусдад түгээж
Энэ ертөнцийн олныг жаргаахад минь надад тусал
Энэ бие ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл
Эх орон минь та өөрөө минийх
Би таны гэгээн гэрэлд аж төрмү

***

Р.Чойном

Эд бараа хуучрахад гарз нь үгүй яа,
Эдлээд өнгөрсөн хүний аз гэдэг юм аа.
Энхрий сэтгэл хуучрахад гарзтайхан аа
Энэхэн яваа насны эз гэдэг юм аа.

Төрсөн бие үхэхэд гашуудах нь үгүй яа,
Төвөг багатай үхэхийг аз гэдэг юм аа
Төвлөрсөн сэтгэл мөхөхөд гашуудалтайхан аа
Төөрч явдаг хайрын эз гэдэг юм аа.

1966–VII–11

Friday, November 18, 2011

Цайны ууран дээрх үг

Дөнгөтийн Цоодол

Эртлэн босож эзэгтэй цайгаа нүдэг,
Эр нөхөртөө аягалах цай нь сайхан болог,
Дээдлээд байгаа нөхөр нь жинхэнэ эр хүн байг,
Дээжний гарз, сахалтай чавганц битгий байг!

Thursday, November 17, 2011

Мөн чанар буй аваас

О.Дашбалбар

I

Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намар би гунихгүй байж эс чадна, зүрх минь буй!
Нас талийж, өвгөрч буйгаа ч мэднэм, хүн чанар л . . .
Намайг зүүний сүвэгч шиг зайгаар ч үе үе гэрэлтүүлж
Найран дээр нулимс мэлтэрнэ, надад юу буй, юу эс буй?
Уйлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уурлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уйдах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Ухаарах минь мөн чанар бус, хүн чанар . . .

Устах минь мөн чанар бус, хүн чанар . . .
Баавгай намайг зүүдлэн нойрсдогт итгэдэг юм би,
Баруун гарт минь худал, зүүн талд минь үнэн буй . . .
Бага байгаад том болсон минь мөн чанар бус уу,
Барим тавим хувирсаар л буй нь хүн чанар бус уу,
Баян ч бус, хоосон ч бус мөн чанар минь хүн чанар!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Найзыгаа үхэхэд уйлахгүй, гунихгүй байж эс чадна
Нас барсан бүхнийг санахгүй байж эс чадна, мартахгүй
Нарлаг өдрийн гүнд салхи шуугиж буйг урьтаж мэдрэх нь
Надад мөн чанар бус, хүн чанар шүглэснийх! . . .
Би бол агаар юм, надаар амьсгалагтун, амьд буй үед минь
Би бол гал юм, надаар дулаацагтун, амьд буй үед минь
Би бол гол ус юм, намайг уугтун, гагцхүү амьд буй үед минь
Би бол намар юм, надаар сэрүүцэгтүн, гагцхүү амьд буй үед минь
Би хэзээ ч та нарт олдохгүй, би хэзээ ч олдохгүй, юу үүэн, тэр үнэн!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намайг дурлалаа идэж, хайраа цамц болгосныг минь харагтун
Намайг үхэр шиг мөөрч, нохой шиг хуцаж явааг минь харагтун
Намайг бурхан шиг инээж, харгуйн тоос босгохыг минь харагтун
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .


II

Надаас сайн сайхныг бүү эрэгтүн, би жоом алдаг
Намар мөөг түүж, хар шөл ууж, хар амиа боддог
Найтааж, ханиад хүрч, эм ууж, бусдыг бас хараадаг
Навс болтлоо согтож, агсам тавьж, нохой өшиглөхөөс буцахгүй
Надаас сайн сайхныг бүү эрэгтүн, би цэцэг тасалдаг
Мөн чанар минь хүн чанар болохоор би яах юм?
Мөрөөдөж, дэмий сэлгүүцэж, хайртай хүүхнээ хардаж,
Мөнгө үрж, Достоевскийд атаархаж, нэр алдарт шунаж,
Мөсгүй зан гаргаж, хүнээс зээлснээ өгөхөөс ч татгалзаж,
Мөн чанар минь хүн чанар болохоор би яах юм?
Надаас муу муухайг бүү эрэгтүн, өнчнийг би өрөвддөг
Нарны доор адилхан л хоног элээж яваа бусдыгаа хайрладаг
Нарсны хоригдлыг, ээжтэй нь цуг бодохоор тэсэхгүй уйлдаг
Намуухан шөнө хүүхдүүдэд үлгэр ярьж тайван нойрсуулдаг
Надаас муу муухайг бүү эрэгтүн, би ялаа ч хороохгүй
Өөдгүй алдааг надаас бүү хай, чоныг ч би хайрладаг
Өмсөж зүүж явснаа хэнд ч тайлаад л өгдөг, би хүн
Өвчтэй эмгэнийг шөнөжин сахиж, цурам хийлгүй хонодог
Өвлийн жаварт золбин нохойг харахаар зүрх шархирдаг
Өөдгүй алдааг надаас бүү хай, хулгайчийг ч би өрөвддөг
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Нартад би хүнд тусалж, заримдаа хүнээс тус хайж гэлдэрнэм
Намуухан уянга, зэрлэг хашгираан хоёулаа надад буй
Наадам цэнгэл, сэтгэлийн там хоёулаа миний орон гэр
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Энэ биед минь мөн чанар буй аваас, тэр нь хүн чанар л . . .
Эрх чөлөөтэй болмогцоо л би, эргээд түүндээ дургүй хүрдэг
Эгнэгт боол байюу гэтэл, эрх чөлөөг ямагт дээдэлдэг
Энэ хоёрын хооронд тэлэгдэж, учраа олохгүй явдаг
Энэ биед минь мөн чанар буй аваас, тэр нь хүн чанар л . . .


III

Буй бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Бусдаас хайр нэхдэг хэрнээ, өөрөө түүнийгээ өгч чадахгүй
Буян үйлдэж чилэх хэрнээ, буг болж нөхдөө загнуулдаг
Буруу харж суух хэрнээ, ард болж буйг ч бас мэддэг
Буй бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Эр бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Эм хүнд дургүй хэрнээ, тэдэнгүй байж бас л чадахгүй
Эд баялагт дургүй хэрнээ, элбэг амьдралд дасах янзтай!
Эрх тушаалд дургүй хэрнээ, эрээлхэж цээрлэхгүй загнах аястай
Эр бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Муу бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Мунхагт бас дургүй хэрнээ, ухаантайг нь хүлцэж чадахгүй . . .
Муруй хамартайд дургүй хэрнээ, шулууныг бас тэвчиж чадахгүй
Муусайн баячуулд өших хэрнээ, хоосон ядууд бас дургүй
Муу бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Мөн чанарыг нь мэдье гэвэл, хэн л чадах билээ?
Мөрөн гол руу тэмүүлэх хэрнээ, гурав хоноод л зугатаадаг
Мөст оргил руу авирах хэрнээ, говь цөл рүү тэнүүчилдэг
Мөнх амьдрал хүсэх хэрнээ, нэг агшнаас л дорхноо уйддаг
Мөн чанарыг нь мэдье гэвэл, хэн л чадах билээ?
Үнэн чанарыг минь танья гэвэл, хэн л чадах билээ
Үгүйсгэж чадсан бүхнээ, шүтээн гээд тахиж залбирна
Үргэлж дээдэлж явснаа ч, үнсэнд ортол муу хэлнэ
Үзээрийн муухай хүнийг ч, үнэхээрийн сайхан хэмээн зална
Үнэн чанарыг минь танья гэвэл, хэн л чадах билээ
Ийнхүү бид хоёр туйл руу цагийн зүү шиг хэлбэлзэж амьдарна
Ид шид үгүй ч, нарыг эвэртэй, сарыг шидтэй болгож төсөөлнө
Инээх уйлах хоёрын завсарт та нар шиг л савлаж явна
Их бага хоёрын дунд эзэн хаан шиг, боол шиг амьдарна
Ийнхүү би ч, та ч, хэн хэнийгээ хэлэлтгүй “хүн чанартай” буюу ...