Pages

Saturday, November 19, 2011

,,,

С.Батмөнх 

Уулс бус бид өвгөрнөм
Үүлс бус бид өнгөрнөм
Ус гол бус бид урснам
Цасан бус бидэн бударнам
Тэнгэр бус бидэн харанхуйлнам
Тэнгис бус бидэн хуйларнам
1993.10.05

Цагаахан үүрийн гэгээг хайрла
Цагаахан үнэний тэнгэрийг хайрла
Цагаахан үлгэрийн шувуудыг хайрла
Цагаахан хүслийн үзүүрийг хайрла
Цагаахан хүний итгэлийг хайрла
Цал буурал ижийн сүүн сэтгэлийн үүдэл
Цагаахан, цагаахан юм бүхнийг хайрла.
1995.06.21

Сэр, сэр салхитай нь арван сарын эхэндээ,
Сэм, сэм бодогдох нь амрагийн жаахан чи минь дээ
Сэтгэл догдлоод болдоггүй нь аргагүй аргагүй л хайр даа
Сэрүү татаад дуниартах нь алиа цагийн аяс даа
Үес үес салхитай нь өвлийн сарын өмнө дөө,
Үе, үе бодогдох нь үргэсэн янзага чи минь дээ
Үглээ шувууд жиргэхгүй нь үдэш үдшийн аяс даа
Үгээ хэлээгүй юмсан даа, өнжин хүлээх байгаа даа
1993.10.04

Цаг цагийн хөхөө
Өөр, өөрийнхөөрөө донгодно
Цахилдаг, цахилдагны өнгө
Үе үеэрээ солигдоно.
1996.01.07

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү

О.Дашбалбар

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү

Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү

Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг ажму
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг харму
Эх орон минь таны хүч л надад шингэснээс би хүчтэй явму
Энэрэл хайр тань надад ирснээс би бусдыг хайрлаж сурму

Аяа, эх орон минь ээ
Догшин ширүүн галыг ч би таных л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам
Аяа, эх орон минь ээ
Ариун тунгалаг агаарыг ч таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм
Аяа, эх орон минь ээ

Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмү
Амьд яваа минь таны гүн их таалал буюу
Хад чулуунаас ч би таныгаа олж үзмү
Хатан дэлхийн өвсөн ногооноос та босч ирмү
Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд оршиж
Хар муу үйлийн замаас биднийг холтгому



Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таныг хэлмү
Энх тунх явааг минь та ивээхдээ
Эрх биш түмэн амьтанд таны хайрыг хүртээх увидас хайрла
Энэхуу ертөнцийн туйл үнэн буй бөгөөс түүний мөн чанар
Эгнэгт эс мөхөх ч, бас би эс бологч
Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч
Төв цэг нь хаа сайгүй оршигч
Төрсөн бүхний учир шалтгаан
Төгөлдөрөөрөө өөр тэнцэх юм огт үгүй ээ
Эх орон минь тандаа би мөргөмү
Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та тунгааму

Ариутгагч бас аврагч эцэг минь алтан мутраараа адислаж
Хүссэн бүхнээр минь болгоож хайрла
Сайн үйл мөнхийн дагуул минь болог
Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг
Бялдууч явдал дууг минь сонсоод устаг
Бас аймхай амьтад дуугарч чадалгүй дөлөг
Өвчин бүхэн намайг тойрог
Өвдсөн зовсоныг тэрчлэн би ачлаг

Амьсгалах тоолон надад та нэвтрэн орж ирмү
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Ухаан бодол минь таныгаа баясгахаар уужим болог
Уг чанар минь хүн чанар л болог ээ
Эх орны минь мөн чанар гоо сайхныг бусдад түгээж
Энэ ертөнцийн олныг жаргаахад минь надад тусал
Энэ бие ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл
Эх орон минь та өөрөө минийх
Би таны гэгээн гэрэлд аж төрмү

***

Р.Чойном

Эд бараа хуучрахад гарз нь үгүй яа,
Эдлээд өнгөрсөн хүний аз гэдэг юм аа.
Энхрий сэтгэл хуучрахад гарзтайхан аа
Энэхэн яваа насны эз гэдэг юм аа.

Төрсөн бие үхэхэд гашуудах нь үгүй яа,
Төвөг багатай үхэхийг аз гэдэг юм аа
Төвлөрсөн сэтгэл мөхөхөд гашуудалтайхан аа
Төөрч явдаг хайрын эз гэдэг юм аа.

1966–VII–11

Friday, November 18, 2011

Цайны ууран дээрх үг

Дөнгөтийн Цоодол

Эртлэн босож эзэгтэй цайгаа нүдэг,
Эр нөхөртөө аягалах цай нь сайхан болог,
Дээдлээд байгаа нөхөр нь жинхэнэ эр хүн байг,
Дээжний гарз, сахалтай чавганц битгий байг!

Thursday, November 17, 2011

Мөн чанар буй аваас

О.Дашбалбар

I

Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намар би гунихгүй байж эс чадна, зүрх минь буй!
Нас талийж, өвгөрч буйгаа ч мэднэм, хүн чанар л . . .
Намайг зүүний сүвэгч шиг зайгаар ч үе үе гэрэлтүүлж
Найран дээр нулимс мэлтэрнэ, надад юу буй, юу эс буй?
Уйлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уурлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уйдах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Ухаарах минь мөн чанар бус, хүн чанар . . .

Устах минь мөн чанар бус, хүн чанар . . .
Баавгай намайг зүүдлэн нойрсдогт итгэдэг юм би,
Баруун гарт минь худал, зүүн талд минь үнэн буй . . .
Бага байгаад том болсон минь мөн чанар бус уу,
Барим тавим хувирсаар л буй нь хүн чанар бус уу,
Баян ч бус, хоосон ч бус мөн чанар минь хүн чанар!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Найзыгаа үхэхэд уйлахгүй, гунихгүй байж эс чадна
Нас барсан бүхнийг санахгүй байж эс чадна, мартахгүй
Нарлаг өдрийн гүнд салхи шуугиж буйг урьтаж мэдрэх нь
Надад мөн чанар бус, хүн чанар шүглэснийх! . . .
Би бол агаар юм, надаар амьсгалагтун, амьд буй үед минь
Би бол гал юм, надаар дулаацагтун, амьд буй үед минь
Би бол гол ус юм, намайг уугтун, гагцхүү амьд буй үед минь
Би бол намар юм, надаар сэрүүцэгтүн, гагцхүү амьд буй үед минь
Би хэзээ ч та нарт олдохгүй, би хэзээ ч олдохгүй, юу үүэн, тэр үнэн!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намайг дурлалаа идэж, хайраа цамц болгосныг минь харагтун
Намайг үхэр шиг мөөрч, нохой шиг хуцаж явааг минь харагтун
Намайг бурхан шиг инээж, харгуйн тоос босгохыг минь харагтун
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .


II

Надаас сайн сайхныг бүү эрэгтүн, би жоом алдаг
Намар мөөг түүж, хар шөл ууж, хар амиа боддог
Найтааж, ханиад хүрч, эм ууж, бусдыг бас хараадаг
Навс болтлоо согтож, агсам тавьж, нохой өшиглөхөөс буцахгүй
Надаас сайн сайхныг бүү эрэгтүн, би цэцэг тасалдаг
Мөн чанар минь хүн чанар болохоор би яах юм?
Мөрөөдөж, дэмий сэлгүүцэж, хайртай хүүхнээ хардаж,
Мөнгө үрж, Достоевскийд атаархаж, нэр алдарт шунаж,
Мөсгүй зан гаргаж, хүнээс зээлснээ өгөхөөс ч татгалзаж,
Мөн чанар минь хүн чанар болохоор би яах юм?
Надаас муу муухайг бүү эрэгтүн, өнчнийг би өрөвддөг
Нарны доор адилхан л хоног элээж яваа бусдыгаа хайрладаг
Нарсны хоригдлыг, ээжтэй нь цуг бодохоор тэсэхгүй уйлдаг
Намуухан шөнө хүүхдүүдэд үлгэр ярьж тайван нойрсуулдаг
Надаас муу муухайг бүү эрэгтүн, би ялаа ч хороохгүй
Өөдгүй алдааг надаас бүү хай, чоныг ч би хайрладаг
Өмсөж зүүж явснаа хэнд ч тайлаад л өгдөг, би хүн
Өвчтэй эмгэнийг шөнөжин сахиж, цурам хийлгүй хонодог
Өвлийн жаварт золбин нохойг харахаар зүрх шархирдаг
Өөдгүй алдааг надаас бүү хай, хулгайчийг ч би өрөвддөг
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Нартад би хүнд тусалж, заримдаа хүнээс тус хайж гэлдэрнэм
Намуухан уянга, зэрлэг хашгираан хоёулаа надад буй
Наадам цэнгэл, сэтгэлийн там хоёулаа миний орон гэр
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Энэ биед минь мөн чанар буй аваас, тэр нь хүн чанар л . . .
Эрх чөлөөтэй болмогцоо л би, эргээд түүндээ дургүй хүрдэг
Эгнэгт боол байюу гэтэл, эрх чөлөөг ямагт дээдэлдэг
Энэ хоёрын хооронд тэлэгдэж, учраа олохгүй явдаг
Энэ биед минь мөн чанар буй аваас, тэр нь хүн чанар л . . .


III

Буй бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Бусдаас хайр нэхдэг хэрнээ, өөрөө түүнийгээ өгч чадахгүй
Буян үйлдэж чилэх хэрнээ, буг болж нөхдөө загнуулдаг
Буруу харж суух хэрнээ, ард болж буйг ч бас мэддэг
Буй бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Эр бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Эм хүнд дургүй хэрнээ, тэдэнгүй байж бас л чадахгүй
Эд баялагт дургүй хэрнээ, элбэг амьдралд дасах янзтай!
Эрх тушаалд дургүй хэрнээ, эрээлхэж цээрлэхгүй загнах аястай
Эр бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Муу бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Мунхагт бас дургүй хэрнээ, ухаантайг нь хүлцэж чадахгүй . . .
Муруй хамартайд дургүй хэрнээ, шулууныг бас тэвчиж чадахгүй
Муусайн баячуулд өших хэрнээ, хоосон ядууд бас дургүй
Муу бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Мөн чанарыг нь мэдье гэвэл, хэн л чадах билээ?
Мөрөн гол руу тэмүүлэх хэрнээ, гурав хоноод л зугатаадаг
Мөст оргил руу авирах хэрнээ, говь цөл рүү тэнүүчилдэг
Мөнх амьдрал хүсэх хэрнээ, нэг агшнаас л дорхноо уйддаг
Мөн чанарыг нь мэдье гэвэл, хэн л чадах билээ?
Үнэн чанарыг минь танья гэвэл, хэн л чадах билээ
Үгүйсгэж чадсан бүхнээ, шүтээн гээд тахиж залбирна
Үргэлж дээдэлж явснаа ч, үнсэнд ортол муу хэлнэ
Үзээрийн муухай хүнийг ч, үнэхээрийн сайхан хэмээн зална
Үнэн чанарыг минь танья гэвэл, хэн л чадах билээ
Ийнхүү бид хоёр туйл руу цагийн зүү шиг хэлбэлзэж амьдарна
Ид шид үгүй ч, нарыг эвэртэй, сарыг шидтэй болгож төсөөлнө
Инээх уйлах хоёрын завсарт та нар шиг л савлаж явна
Их бага хоёрын дунд эзэн хаан шиг, боол шиг амьдарна
Ийнхүү би ч, та ч, хэн хэнийгээ хэлэлтгүй “хүн чанартай” буюу ...

Monday, November 14, 2011

Т.Содномнамжил

Уг шүлгүүд болон өмнөтгөлийг Amarsanaa Amarmend-ийн FB-ээс зөөж буулгалаа. Зарим шүлгүүдийг нь өөрийн үзэмжээр таналаа.

Дээхнэ үед номыг нь нэг гарчиглаад орхиж байсан энэ хүний шүлгүүдийг сая харсан сайхан санагдсан тул нэтээс хайж олсон хэдийгээ нэгтгээд энд хийчихье гэж бодлоо... Хожим эргүүлж харж байна биз... Намтарыг нь харах нь ээ гэлэн хүн бүүр дорнодын хийдийн хамба явж. Гэхдээ дарс балгачихдаг сайхан хүүхнээс ч буцадгүй байсан болтой... Д.Нямсүрэн "Цаг болж нөхцөл бүрдэхэд Шавь Содномнамжил Баруун-зуугийн хамба болно" гэж бичиснээс хархад Д.Нямсүрэн шавиа гэж үздэг байжээ. Би уг нь ганц хоёр номыг нь дээхнэ үед дэлгүүрт харж байсан гэхдээ авах бодол төрөөгүй нь харамсалтай хэрэг. Одоо бол шамбалын орондоо суухаар одсон юм байна.

... Өөрийгөө ариун гэж бодогсод цөм галзуурчээ
Өөр зураг энэ орчлонд огтхон ч үгүй ...
...Хоосон хөх огторгуйд дүрийн нууц буй
Холхи сансрын зайд дүүрэгч саран буй
Эгнэгч үүлсийн дунд хувирах тоос буй
Энэлэх сэтгэлийн завсар үгүйлэх нинж буй ...

***

Үймэрч догдолж, алмайрч, залхаж
Үргүй өнгөрүүлснээ бодохоор гунигтай
Үнэндээ одоо ч гийгүүлсэн юм алга
Үзэгдэгч насны илбэнд сатаарсаар дууслаа
Асаж буй зулын адил амь нас минь
Асгарч буй борооны адил амьдрах өдрүүд минь
Ямархан ч олон аястай хуйсган хорвоо байдаг юм бэ
Яагаад ч уйдаж ханадаггүй амьтны хүсэл байдаг юм бэ
Дэнсэлж донсолж, гуньж шаналан
Дэмий өнгөрүүлснээ бодохоор гунигтай
Дээрдэх юм ч алга даа одоо, эргэн тойрон зовлон
Дээдийн номын тоосонд бүртэлзсээр дууслаа даа ай…хөөрхий

***

...Тийн үзэхүл, үрд хөтлөгдсөн энэ амьдрал- дүрс, хөдөлгөөн
Тийн үзэхүл, үйлд хөтлөгдсөн хүмүүн биес-элс шороо, чулуу, хорхой цөм ...

***

 ... Амар амгаланг чи орчлонгоос эрэх хэрэггүй, найз минь
Амьдрал хэмээх амтат үлгэр ингэсхийгээд дуусна

***

Огторгуйг дүүргэгч очир адил онохын хязгаарыг барихсан.
Оюун санаа хэзээ эхэлсэн юм бэ,
Огтоос сэтгэшгүй нэгэн хүсэл байна.
Насны эрхээр гуниг төрж, ертөнцийг таних нь уйтгартай.
Налсан өвс мэт гандан хоцроод, цаг хугацаанд гүйцэгдэнэ.
Гуниггүй амьдрагч хүүхнүүд хаа байна, би тэднийг харахсан.
Гуних нь мунхрал мөн, бас гэгээрэл ч мөн, би зүүдэлжээ.
Сүнс, хий үзэгдэл, шүтээн хэмээгч нь бодитой байлаа гээд ч
Сүр жавхлантай энэ хорвоо гэгч л хоосон үзэгдэл мөн

***

Орчлонг би улам тод мэдэрнэ
Орон зай цаг хугацаанаас гэтлэнэ
Таамаг төдий үнэнээр сэтгэлээ дулаацуулавч
Тамын гал тэртээд сүүмэлзэнэ.
Амьсгалаа би буйгаар ажиглана
Амирлангуйн гүн рүү хөлөг дөтөлнө
Нинж сэтгэлийн эрхэнд хураагдах бүр
Нисваанис хэрхэн гадагшлах нь мэдрэгдэнэ
Үзэгдлийн мөн чанар өнгөө гээнэм
Үлэмж үзэхүйн агшныг цаламдана
Үйл үрийн гинжин хэлхээг тасалсаар
Үргэлжид хураасан нүглийн хүч барагдана
Аяндаа үүсэх, алга болохыг ойлгоно
Амьдрал эргүүлэг гольдролоос нь зугтана
Тэгш оршихуй, мөнх бусын ухаарал
Тэнгэрлэг язгуурын үндсийг чийглэнэ
Буй биеэр долгионы урсгал хөвөрнө
Бусдаас тусдаа бишээ ухаарна
Яг л тэр агшинд гэрэл туяа түгэн цацарч
Ямагт амгалан бодь навчис гэрэлтэнэ

Thursday, November 10, 2011

ТУГ

Р.Чойном


Тугийн тухай шүлэг намайг бичлээ гэж
Тун олон хүн гайхаж магадгүй
Уужим талын дураараа шүлэгч
Улаан туг хоёр сэтгэлд нь
хамт багтахгүй байж магадгүй

Гэвч би туггүйгээр амьдрахгүй
Гэгээн үнэний тулд туггүйгээр тэмцээгүй
Энэ улаан тугийн дор сая саяараа жагссан
Эгэл түмний ижил эгэл ард байна.

Гаднаас нь хараад юм бүхнийг дүгнэгчдэд
Гартаа туг бариад хэзээ ч би харагдаагүй
Талбай дээр их жагсаалын дэргэд
Ташаа тулаад зогсож байсан байх

Өвлийн пальтоны энгэр задгай тавиад
Өндөр гоголь малгай хазгай дараад
Сахлаа засаж духаараа харсан хүн
Савхин бээлийтэй дув дуугай явсан байх.

Гэвч би өмссөн хувцас шигээн биш
Гэр орон өссөн нутаг шигээн
Эглийн эгэл хүн хүний л ижил хүн
Эх оронтой ард түмэнтэй иргэн.

Гэртээ арван зургаан цагийн ажилтай
Гэргийдээ хүүхэд шиг хайртай
Айлдаа алаг бяруу шиг номхон
Архи уудаг тамхи татдаг ийм л хүн.

Зүрх сэтгэл дотор минь , гэвч улаан туг мандаж явдаг юм
Зүйрлэшгүй хайраар би улс орондоон, туг шиг үнэнч явдаг юм
Яруу шүлгийнхээ мөр бадаг бүхэн дээр
Ялгуусан улаан тугаа сэтгэлээрээ би мандуулдаг юм.


Хаа газрын айлд ороход
Халуун цай хоолоор дайлдаг
Харин би хүн төрөлхтнийг
Халх шүлгийн сайнаар дайлна.

Сайн шүлгийг минь шилж байгаад
Сараар сонирхоно уу жилээр сонсоно уу
Гайгүй нэрэлхэлгүй ирж бай та –
Гагцхүү миний нас богинохон

Амьсгаа хураах өдрөө хүртэл
Ард овгийг шүлгээр дайлах
Аз заяандаа би бахархсаар
Алдхан биеэ тамлаж яваа юм.


Хэнзхэн биетэй минь хамт төрж
Хэт нутгаас минь халин гарч
Хэн гуайн ч өмнө намайг зоригжуулсан
Хэвлэгдээгүй гүн ухаан мину.

Өөртэй минь хамт бүү нөгчөөрэй
Өнөр нөхдөд минь эхнэрт минь
Өлгийтэй хүүд минь шүлэгт минь
Өв болон үүрд үлдээрэй.

Энэнээс өөр гүн ухаан хэрэггүй
Эрхэм өдөр ирэхдээ л ирнэ
* Эзэнт төрийн хэмхэрхий банзан дээр
Эрхэм нэрийг минь бичнэ * гэдэг шиг
Ад үзэгдсэн номын минь гар бичмэлийг
Алтаар үнэлэх цаг заавал ирнэ.