Pages

Sunday, June 14, 2009

ТУСГААР ТОГТНОЛ

Ханат цагаан гэрийн
Од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулгын
Омог дөрвөн тотгон дээр
Хан-Алтай аавын
Онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ-ээжийн
Одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан зарлалаа би!

Ганган улаан тэмээний
Зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний
Зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн
Хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны
Янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

Хүж дурдан бүсний
Ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөрөгний
Даалин дарах наргиан дээр
Хүүшийн сүүдэр буусан
Уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан
Улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!


Ширмэн төмөр дөрөөний
Шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний
Шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрын саран
Хаяалж шингэх тэнгэр дээр
Шимийн нялх ногоо
Ханшилж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!


Аавын мөнгөн хазаарын
Найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийний
Наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага
Хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй
Хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!


Индэр улаан галын
Цац бадман дөлөн дээр
Ихэр хоёр загалын
Цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн
Цас чахрах цайдам дээр
Илд мөсөн голын
Цан хөөрөх гарман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

Бэлгийн цэнхэр хадагны
Хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний
Хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн
Хорвоо уяраах дэлбээн дээр
Бэдэрт мөнгөн сарны
Хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!


Урсгал, татмал усны
Хөл алдах ёроол дээр
Ургамал, таримал модны
Хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн
Дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн
Дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!


Ажнай сайн хүлгийн
Гал цахилах тууран дээр
Аагисан улаан хүдрийн
Ган царцах хайлш дээр
Амар түвшин жаргалтай
Ам бүлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй
Айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!


Баяр найрын ширээний
Амт тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн
Арц, хуш, зээргэнэ дээр
Балтаар давтан ширээсэн
Анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан
Атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!


Эвт айлын хаяа
Дархан хилийн дээсэн дээр
Энх тайвны харуул
Дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний
Зуун найман суврага дээр
Энэ зууны өргөөний
Зуун түмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

Эрх чөлөөний зарлиг
Ардын үндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо
Адбиш баян сан дээр
Эгнэтийн арга билэг
Алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны
Амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!


Аав ээжийн буянтай
Өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалийн толботой
Өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн
Өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн
Өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!


Хан тэнгэрт сүмбэрлэсэн
Үйдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлэн сүндэрлэсэн
Үлгэрийн харшийн туурган дээр
Хангай, говь, талын
Үлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний
Үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!


Сав саваар саалийн
Харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн
Хатирч хүрэхгүй бэлчээр дээр
Сар нарны өртөөлд
Хагацаж болшгүй учрал дээр
Сайхан монгол орноо
Хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!


Өглөө бүрийн нарны
Асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын
Аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй
Амьсгалж яваа агаар дээр
Өөрийн толгой мэдэлтэй
Амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!

Ухаа хонгорын жолоог
Захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын
Зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн
Заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан
Засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!


Нүүрэнд нь гал бадарсан
Монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн
Монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн
Монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ийн шилтгээнд заларсан
Монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!


Эзэн сууж жаргасан
Их заяагаа сүсэглэж
Эх орон талынхаа
Ирээдүйн таалалд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн
Итгэлийн сувд үсгээр
Эрх жаргалаа баталсан
Иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би! 1962-1968 он

Дэндэвийн Пүрэвдорж