Pages

Thursday, January 12, 2012

Аз жаргал гуйлгачин шиг

Бямбажавын Энхтуяа
Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм

Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал

Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм
Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зурагтөөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм

Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур

Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга

Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм

Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг бүү буцаа...

1996

Эх сурвалж:  http://ankhuushka.blogspot.com/2009/04/x_26.html

No comments:

Post a Comment