Pages

Friday, May 20, 2011

Бурхан Халдун



… Тэмүжин өөрөө Бурхан халдун дээр бууж, өвчүүгээ дэлдэж залбиран өгүүлрүүн:




“Солонго мэт сонсох
Соргог Хуагчины
Сонорын хүчээр
Үен мэт үзэх
Үнэнч Хуагчины
Үзсэний ачаар
Аюулт дайснаас
Амжин дутааж
Бүтэн биеэ
Бүгэн нуугдаж
Бүдэг замыг
Мөрдөн дагаж
Бугын мөрийг
Мөшгөн хөөж
Бургасан гэрт
Буруулан нуугдаж
Бурхан халдунд
Амь хоргодов.
Харийн дайсан
Халдан довтлоход
Харцагаас дутаасан
Болжмор мэт
Хандгай бугын
Мөрийг дагаж
Хад хавчлын
Сүвийг эрж
Халдун ууланд
Дутааж ирээд
Хальс холтсоор гэр барьж
Халуун амиа
Хамгаалав, би.
Бөглүү ойт
Бурхан уул
Бөөсөн чинээ амий минь
Бөөцийлөн аварч
Бөөрийн чинээ биеий минь
Бүтэн мэнд үлдээв.
Өшөөт дайснаас
Өршөөн аварч
Өнчин бидний
Өмөг болсон
Өндөр дээд
Бурхан халдун чамайг
Өглөө бүр мялааж байя!
Өдөр бүр тахиж байя!
Үрийн үрд
Үүрд тахиж
Үе тутам
Үргэлж шүтэе!”
гэж бүсээ хүзүүнд эрих мэт өлгөж, малгайгаа гарт сэгэлдэрч, гараар өвчүүгээ дарж, наран өөд хандаж, Бурхан халдунд есөнтээ сөгдөж, өчил өчин, сацал сацав.

Эх сурвалж: Монголын нууц товчоо (Ц.Дамдинсүрэнгийн буулгаснаар)

No comments:

Post a Comment