Артур Рэмбо /1854-1891, Франц/;
Орчуулсан: Г.Аюурзана
Зүрх минь уйтгараа шүлс мэт нулимна,
Зүгээр энд тайван суух арга алга.
Хөлөг онгоцны хаалганууд савчиж,
Халуун тогоо бургилах сонстоод,
Хөөр наргиан, эх адаггүй шуугианаас
Хөөрхий зүрх минь залхаж уйтгарлана.
Зүрх ингэж уйтгараа нулимчаад байхад
Зүгээр энэ тавцан дээр тайван суух аргагүй.
Цэргүүдийн ер бусын хөхиүн инээд
Цэвэр зүрхийг минь буртаглаж гүйцэв.
Тэдний ер бусын, ойворгон төрх
Тийм утгагүй, уйтгарт зураг мэт.
Халгих давалгаа минь, дүүгийн ёсоор
Халтартсан зүрхийг минь угааж хайрла аа!
Цэргүүдийн ер бусын хөхиүн инээд
Цэвэр зүрхийг минь буртаглаж гүйцэв.
Тамхины утаанд мансуурсан үедээ
Тасалданги цохилох энэ зүрхийг
Хулгайд алдчихваас яавал зохилтой,
Хөөрхий тэр алдагдсан зүрх
Хэл дарвигнуулсан халуун чинжүүнээс ч
Хэмгүй гашууныг амталнам биш үү?
Тамхины утаанд мансуурсан зүрх
Тасалданги цохилохыг одоо яалтай?
No comments:
Post a Comment