Pages

Thursday, May 6, 2010

Бяцхан сургаал

Ренчиний Чойном

Тунгааж бодоогүй юунд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий!
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд,сүүлд нь дугар!
Хүний амьдралд чухаг мөртлөө
Хүүхдэд хэлдэггүй сургаал гэж бий!
Хүй ертөнцөд элбэг мөртлөө
Хүүхэнд хэлдэггүй үг гэж бий!
Өнөө үдэш голсон хоол
Өглөө босоход эрдэнэ болдог
Өсөхийн цагт хайрлаагүй янаг
Өтлөхийн үед бурхан гэгддэг
Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий!

Хот газар булаацалдсан зүйл
Холын хөдөөд хог дээр хэвтэх ч бий!
Хадтай газар хадуур хэрэггүй!
Модтой газар савар хэрэггүй!
Морьтой хүнд бензин хэрэггүй!
Мотоциклтой хүнд ташуур хэрэггүй!
Бөөгийн хэрэгслэл ламд гай
Бөхийн зодог эхнэрт гай
Бурхан тахил чөтгөрт дараа
Буу саадаг чавганцад төвөг
Байгаль болоод хүний ёсонд
Байх байр,зохицох зохицол гэж бий!

Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггүй орон зай гэж бий!
Хэн бүхэн балчир хүүхдийг өрөвдөвч
Хээр тааралдвал айн зэвүүцнэм зэ
Хэвтэж байхдаа амьтны яс сонин ч
Хэлд ороод босоод ирвэл,аюул гэдэг тэр!
Ууланд байхдаа мод үзэсгэлэн ч
Унтаад босоход,гэрт ургасан байвал ямар вэ?
Усанд байхдаа загас гэдэг хөөрхөн ч
Уртын замд шөнө,морьтой загас таарвал ямар вэ?

Оронд тэврэлдэхэд бүсгүй хүн тааламжтай ч
Олны газар тэр,шалдан харагдвал ямар вэ?
Од мичид огторгуйдаа чимэг ч
Ойчоод ирвэл нь дэлхий юу болох вэ?
Хөлийн оймсыг гарт өмсгөвөл ямар вэ?
Хөхөөний дуугаар нохой донгодвол ямар вэ?
Хөхний даруулгыг нүдэндээ зүүвэл ямар вэ?
Хөрсний анжисаар дээл эсгэвэл ямар вэ?
Зохицохгүй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгүй!
Зохицох ёсон гэвч дотроо бас
Зориуд тааруулсан өөрийн цагтай!

Үлгэрлэвээс,өглөө галлах эхнэр
Үд өнгөрөөж босвол хэрэг юун
Үерхэж явсан нөхөр,туслах тусаа
Үхсэн хойно санавал, тус юун
Үелзүүр залууд гоёж явсан гоёл
Үсэн бууралтахад инээдэм төдий!
Үймээний жил түмнийг аварсан зэвсэг
Үе нь өнгөрөхөд түүхийн дурсгал төдий!
Учир иймээс амьд сэрүүн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бүхнээ зохицуул
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай,зүйн дотор яв!
Бусдыг хэлэхээс өөрийгөө урьтаж шинж!
Буруу зөвөө ухаант хүнээс асуу!
Цагийн юмыг цаг алдалгүй хэрэглэ!
Цагаас урьтаж элдэвт битгий сүйд!!

No comments:

Post a Comment