Pages

Saturday, November 5, 2011

Залуу нас

Р.Чойном

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!


Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ — залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.

Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.

Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

Д.Нацагдоржийн хөшөөний дэргэд

Р.Чойном

Олон удаа би тэр хөшөөний дэргэд
Очиж толгой гудайн зогссон
Хөөрхийлөх сэтгэлдээ дийлдэж
Хөшөө юм даа гэлгүй шүүрс алдсан.

Шүлэгчийн хөшөө тааруухан
Шүлэг шиг нь даруухан
Гадаах өнгө нь тааруухан
Гаргасан ур нь маруухан

Улсын гүйлгээнээс хасагдсан
Улаан мөнгөнүүдийг хайлж
Зургаан жил маргаж байж
Жаран хоёр онд босгосон юм.

Хүндэт шүлэгчийн хөшөө уруу
Хүмүүс баяр хөөртэй очсон юм.
Хар халтар зэсэн цутгамалыг
Харж харж гунигтай буцсан юм.

Хөшөөг цутгасан зэс мөнгө шиг
Хөөрхий шүлэгч хямдхан амьдарч
Жинлүүр муутай бүдүүлэг лангуун дээр
Чимээ багатай тор гэж унажээ.

Хөшөөний бие дотор талдаа
Хөндий хийгээд гуниг шиг харанхуй
Аранжин зэсийн ногоон бал
Архи дарсны шарталт мэт гашуун

Хөшөөний бие өнгөн талдаа
Хөсрий мэт хөх саарал
Царцуу зузаан цемент суурь
Цаг үе шиг нь нүсэр хүйтэн.

Буун дуу шиг огцомхон насандаа
Бухимдаж явсан яруу найрагч
Бутархай мөнгөний зэс нүдээр
Бузрын хорвоог ширтсээр байна.

Өнгөний хорвоод ид залуудаа
Өнхөрч унасан тэр шүлэгч
Мөнгөний хорвоод ийм дүрээр
Мөнхөрч үлдсэн байна хөөрхий.

Илдийг цагаатгахуй

Б.Лхагвасүрэн

Эцэг өвгөдийн цавчилдаж явсан
Ирт илдийг би цагаатгана
Зөвтэй гэж цагаатгана
Зэвтэй нь хамт цагаатгана
Дэвсэж ирсэн сарны туяаг
Ширдэглэж давтсан
Дэгдээд ирсэн салхины хийморийг
Шүглүүлж давтсан

Шүдээ үйртэл зууж давтсан
Шүүдэр дунд
Шидэж хатаасан
Дээш өргөн
Долоон бурхнаар билүүдэж
Доош талбихдаа
Цагаан үүлээр арчсан
Үүл хуйхалсан гал дээр
Шатааж ширээсэн
Үлээсэн ганц хялгасыг
Тасдаж галзууруулсан
Их гүрэн
Илүү зориг юуг ч
Цавчиж явсан аранга
Цамнаж явсан хянга
Ягуухан эргэх хөх дэлхийд
Ялах ялагдахын ухааныг
Ясанд нь тултал зааж өгсөн
Ялгуулсан Монгол илдийг цагаатгана
Эртэй морьдын өвчүүн дор
Ертөнцийн тал умарч
Ирэн дээр нь унасан
Нулимас хуваагдаж байсан үе
Хурц хурц гэлээ гэхэд
Хүүхдийн сэвлэгийг хөндөлгүй үлдээсэн
Хувь тавилан ижил хүмүүн заяаны
Хойч ирээдүйг цавчилгүй уучилсан
Миний Монгол гүр илдийг
Мунхаг хүн сүлдэлж яваагүй
Айдсын хялуугүй
Аль ч зуунд буруугүй
Монгол илдийг цагаатгана
Морьтой түүхтэй нь цагаатгана

Үхсэн шүлэг

Надтай хамт үхэх шүлэг
Нарт хорвоог гэрэлтүүлэх л байсансан
Бичигдэх цагаа хүлээсээр л үхлээ дээ

Надтай хамт үхэх шүлэг
Чамд зориулагдсан хайр минь л байсансан
Илчилж амжилгүй нууцлагдсаар л үхлээ дээ

08.23.2009

Thursday, November 3, 2011

Элегия /Гунигт шүлэг/

О.Дашбалбар

Намар болгон модод шарлаж, навчис унана
Надад дэндүү танил уй гуниг сэргэнэ
Харах тусам тэнгэр улам дотно ээнэгшиж
Хан бүргэд тэртээ дээр дуртгал мэт эргэлдэнэ
Биеэр минь шаргалхан гуниг нэвт харваж
Би навчис адил уйтгарлан, хорвоод цөхөрнөм
Сэм сэмхэн уулс бударч, сэрүүн намар хүдэнтэнэ
Сэтгэлийн минь гүн рүү намар өөрөө шургажээ
Бүхий л хорвоо эрвээхэй шиг эмзэг санагдана
Бүр тэгэхдээ намрын бээрэгхэн эрвээхэй шиг хөөрхийлөлтэй
Би харь газарт цөлөгдсөн мэт энэ дэлхий дээр хаягдаж
Биеийг минь бус сэтгэлийг минь ирж авах эзнээ хүлээнэм

1993-1998 он

Эх сурвалж: biirbeh.mn

Sunday, October 30, 2011

,,,


Уйльям Шекспир
Сонет 102-оос

Ариун сэтгэлийн хайрандаа асаж явах үедээ
Алтан гургалдайн хоолойгоор шөнийн намууныг үргээж
Хавар, зуны сайхныг лимбийн эгшгээр сэлбэн
Хайртай хонгор чамдаа мэндээ хүргэдэг байсан сан. 

Эх сурвалж: Макс Вебер., Улс төр бол хувь зохиол бөгөөд ажил мэргэшил мөн. УБ 2010., орч. Ө.Дашлхүндэв (С.Я.Маршакийн орос орчуулгыг монголчлов.)

Friday, October 28, 2011

...

Хэлэхсэн гэсэн үг бүр хоолой дээр ирж тээглээд
гашуун нулимс болохын амтыг
Хэнд ч хэрэггүй байхын, бас, хэн ч биш байхын
гайхамшиг болоод гунигийг
Ганцаардаж архи гудрахаас өөр ханьгүй болохын харанхуйг
Гиюүрч үхдэл мэт амьдрахын, амьсгалахын, алхахын хүндийг... би мэднэ

Энх-Ануу


Эх сурвалж: http://zaya13.blogspot.com/2011/10/blog-post_28.html