Pages

Tuesday, January 19, 2010

Зигмунд Фройдын дурсгалд

Вистан Хью Одэн  (1907-1973) - Англи, АНУ
Орчуулсан: Гүн овгийн Г.Аюурзана

Уй гашуу үргэлжилсээр, үй олныг хамрахын цагт
Уйтгар шаналал гэдэг ердөө л зуурдын,
Хэврэгхэн зүйл болох нь нүдэнд ил харагдахад,
Хэнийхээ тухай ярьцгаах билээ, бид?

Өнгөч хорвоо жаахан ч атугай
Үнэнээр замнаж эрүүлжинэ хэмээн
Үргэлжид найдан, сайныг санаж явагсад
Өдөр бүр л бидний дунд үхсээр байнам.

Бялдуучлан мэхийж, хүлцэн дагахыг шаардсан
Балагтай хүмүүсээс ирээдүй хойчийг өмгөөлж,
Ная гарсан хойноо ч амьдралыг маань бясалгасан
Сая бүрлээч эмч тийм л нэгэн явлаа.

...

Хуудуу булай урьдынхаараа л оршсоор байвч,
Хуурмаггүй үнэнээр тэр энэ хорвоог өөрчилжээ;
Хүүхэд мэт хиргүй ариун сэтгэлтэй явж,
Хөгшин хүний арвин дурсамжтай амьдарчээ.

Ямар нэгэн шүлгийн утга дээр будилах
Яруу найргийн хичээл шиг өнөөдрийн амьдралд
Өнгөрсөн цагийг л сануулж амжсанаас биш,
Үнэндээ тэр хосгүй ухаантан байгаагүй ээ,

Гэсхээл цээрлэл мэт энэ амьдрал маань
Хичнээн баян, хичнээн мунхаг болохыг
Шүүгдэгчдийнх нь нүднээс гэнэт олж харсан -
Шүүхийн үнэн дүр, өршөөлийг таньсан -

Энэрэн нигүүлсэх сэтгэлгүй, хуурмаг ааштай,
Эрээ цээргүй андын зугтмаар тэврэлт шиг
Ирээдүй цагийн мөн чанарыг ойлгосон -
Ийм л нэгэн, даруу төлөв хүн байлаа.

Эртний ёс заншил, язгууртан дээдсийн доройтол,
Ид шидийн мэт унацтай наймааны авралгүй сүйрэл
Аль аль нь түүний этгээд гаж санаанд
Аль дээрээс таамаглагдсанд гайхашрах юун.

Ахиад тэр жаахан насалж амжсан бол,
Амьдралын мунхаг зүй тогтол боломжгүйд хүрч,
Цулдаж зангирсан Төрийн нударга эвдэрч,
Цусан өшөөний утга учир арилах байсан.

Дарга даамлууд Бурханд хандацгаасан л даа, гэлээ ч
Дантэ шиг хаягдмал хүмүүсийн зүг тэр алхаж,
Шархадсан тэмцэгч, шоовдорлогдогсдын амийг нуусан
Шал өмхий шуудуу руу зам гажилгүй буусан.

Нүгэл гэдэг нь бидний боддогчлон ялт үйлдлүүд биш;
Нүүрлэсэн сүсэг бишрэлийн дутуудал, гажуудал,
Хүнийг эш үндэсгүй үгүйсгэхийн дон,
Хүчирхийлэхүйн ужид тачаал болохыг заасан.

Хэмжээгүй эрхт засаглалаас ямар нэгэн зүйл
Хэлэх үг, зүс царайд нь шингэсэн мэт харагдвал,
Эцгийн эрхт ёсыг тэр дагадгийнх огт биш,
Энэ бол дайснуудынхаа дунд орь ганцаар

Өчнөөн удаан амьдарч хат суусан хүний
Өөрийгөө хамгаалах хиймэл дүр байсан юм.
Үргэлж буруудаж явсан, одоо байхгүй түүний
Үзэл санаагаар л бид амьдралаа залж хоцорном...

1939.

Tuesday, January 12, 2010

Гюстав Флоберын "Бовари хатагтай" зохиолд Владимир Набоковын бичсэн өмнөх үгээс

Гюстав Флоберын "Бовари хатагтай" номыг шимтэн уншиж байна. Түүний номд Владимир Набоковын бичсэн өмнөтгөлийг дор сийрүүллээ.

"Бовари хатагтай"-н ихэнхи дүрүүд бол bourgeois - буржуа юм. Энэ франц үг хэдийгээр "хотын хүн" гэсэн утгатай боловч, Флоберын зохиолд биежихдээ ахуй амьдралынхаа хувьд хангалуун чинээлэг, гагцхүү бодитойгоор хэмжигдэх үнэт зүйлсэд л итгэдэг хүнийг илэрхийлж байна. Гагц бодитой зүйлсийг бурханчлан шүтнэ гэдэг хэн бүхний олж харж чаддаггүй оюун санааны дээд чанарыг олж өөриймшүүлэхэд садаа болдог.
Эмма Бовари бол тэнэг биш, мэдрэмжтэй, муугүй боловсролтой хэдий ч дорд өчүүхэн сэтгэлтэй эмэгтэй. Өчүүхэн сэтгэл өчүүхэн хувь заяаг дагуулдаг. Түүнийг энэхүү дорд бэртэгчин хувь тавилангаас нь сэтгэл татам бие цогцос, нарийн мэдрэмж нь ч аварч чаддаггүй. Хэдий өвөрмөц зүйлийг мөрөөдөвч, уураг тархиндаа шингэсэн нөгөө л хөдөөний буржуа хэвээрээ үлдэнэ. Эр нөхрийг нь, бас адгийн хоёр нууц амрагийг нь ухаан алдуулсан гоо үзэсгэлэн нь ч дорд, тосгоны хүүхэн хэвээр үлдэх хувь тавилангаас нь чөлөөлдөггүй...

Хүний мөн чанарын тухай хамгийн ер бусын өгүүлэмжүүдийг агуулсан уг роман реализм хэмээн нэрлэгдэж, энэ нэрний цаана бүхий л нууц нь мөн агуулагдах болсон утга зохиолын тэр л чиглэлийн шавыг тавьсан юм. Гэхдээ энэ реалист гэдэг үгийн цаана бас учир бий.
Аливаа уран зохиол үнэн чанартаа зохиомол зүйл. Ямарваа урлаг гэдэг ов мэх байдаг. Флоберын ертөнц бол, бүхий л том зохиолчдын ертөнцтэй нэгэн адил, өөрийн логик, өөрийн болзол ба давхцал бүхий уран төсөөллийн ертөнц юм. Хамгийн бодитой гэж бидний үздэг зүйлс ч мөн харьцангуй шүү дээ, жишээ нь, таны харж буй цонх, таны мэдэрч буй үнэр, таны олж сонсож буй дуу таван мэдрэхүйн тань хурц төсөөллөөс төдийгүй, тэдгээрийг өмнө нь та өөрөө хэр сайн таньж мэдсэн түвшнээс мөн хамаардаг. Өмнө нь та хэзээ ч салхины чимээ сонсож байгаагүй бол салхи гармагц салхийг мэдэрч сонсоно гэж үү? Зуун жилийн өмнө Флобер яг түүний зохиолын баатар Эммархуу уянгын номд шимтэн хүмүүжсэн уншигчдын хувьд реалист, эсвэл натуралист санагдаж байсан байж болно. Гэвч реализм, натурализм гэдэг ч харьцангуй ойлголтууд билээ. Нэгэн үеийн уншигчдад натурализм мэт санагдаж асан зохиол өмнөх үеийнхэнд нь тийм аяс хэтийдсэн мэт, дараа үеийнхэнд нь бүр дутуудуулсан мэт ч санагдаж болно. Измүүд өнгөрдөг, истүүд үхээд дуусдаг, урлаг л үлдэнэ.
Давын өмнө Флобер шиг авьяастай хүн өөрийнх нь төсөөллөөр бол, үл бүтэх өөдгүй амьтдаар дүүрсэн энэ ядуухан ертөнцийг яруу найраг, үгийн урлагийн төгс зохицлын биелэл болсон гайхалтай өгүүлэмжийн ертөнц болгон хувиргахаар зорьсныг ойлговоос зохино. Энэ бол "тухайн зохиол реалист роман уу, эсвэл ...?" гэдгээс хавьгүй чухал ойлголт билээ. Флобер байгаагүй сэн бол Францад Марсель Прүст төрөхгүй, Ирландад Жэймс Жойс гарахгүй байлаа. Орост Чехов ч Чехов болж төлөвшихгүй асан. Дэлхийн уран зохиолд Флобер хэрхэн нөлөөлснийг энүүхэн жишээ хангалттай гэрчилчих биз ээ.
"Энэ эмэгтэй бол би өөрөө" гэж Флобер зүгээр ч нэг ам алдчихаагүй юм. Тэрээр жинхэнэ аугаа зохиолчийн хувиар гайхамшигтай баатрыг биш, амьдралд мухардсан, мухардахаас ч өөр замгүй хүний дүрийг л бүтээсэнд "Бовари хатагтай"-н гайхамшиг оршино.

Владимир Набоков

Thursday, December 10, 2009

Замнаагүй зам

Хатаж шарласан моддын дунд харгуй салжээ
Хамтаар нь зэрэг аялж чадахгvй нь уучил
Хэсэг амсхийн алийг нь сонгохоо тээнэгэлзээд
Хол тэртээд бутан дунд алдарсанийг нь
Хараа тавин анхааралтай шинжээд
Халиурах өвс, хvсэлд нийцэж байхуйд
Хувь илvv байж юуний магад, нєгєєхийг нь
Хожим vл харамсах, шударга гэж vзээд сонжлоо.

Холхин єнгєрєх аянчны ул мєр
Хоёуланг нь ялгалгvй элээжээ
Хєлийн мєр навчсан дээр vл vзэгдэн
Харгуй зам энэ л єглєє ив ижилхэн зурайна.
Хэзээ нэгэнтээ дахин учрахдаа эргэлзэн байвч
Хуурмаг харгуй хэрхэн сэтгэл гижигддэгийг мэдэх ч
Хожмын учралд эхнийхийг нь vлдээе дээ! хэмээн
Хаа нэгтэй наснаас насанд
Харуусал алдан хэлэх байх даа.
Харгуй зам моддын дундуур салсан юм
Хамгаас бага аялсанаа сонгосон юм
Харин vvнээс л хамаг бvгд єєрчлєгдєж орхисон юм


THE ROAD NOT TAKEN
Two roads diverged in a yellow wood,
And sorry I could not travel both
And be one traveler, long I stood
And looked down one as far as I could
To where it bent in the undergrowth;
Then took the other, as just as fair,
And having perhaps the better claim,
Because it was grassy and wanted wear;
Though as for that the passing there
Had worn them really about the same,
And both that morning equally lay
In leaves no step had trodden black.
Oh, I kept the first for another day!
Yet knowing how way leads on to way,
I doubted if I should ever come back.
I shall be telling this with a sigh
Somewhere ages and ages hence:
Two roads diverged in a wood, and I-
I took the one less traveled by,
And that has made all the difference.



Роберт Фрост

Орчуулсан: Б.Амарсанаа

Wednesday, November 25, 2009

"Эрэлхэг цэрэг Швейк"-ээс ...

Саяхан аавд "Дэлхийн сонгодог утга зохиолын чуулган-50 боть" ном бэлгэнд ирээд бөөн уншлага хийж байна. Эхнээсээ Мишима-Алтан сүм, Дэлхийн шилдэг үлгэрүүд, Дэлхийн яруу найргийн охь дээжис гээд номнуудыг уншаад байна. Яг одоо "Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдлууд"-ыг уншиж байгаа. Тэгээд доор бичсэн яг энэ хэсэг их олон зүйл дээр сургамжтай юм шиг санагдаад...

... Тэгэхээр байна аа хонгор минь, уул нь таныг шийтгэх дургүй байвч цэргийн дайчин чадвар сахилга батаас шалтгаалдаг учир яах ч арга алга. Сахилга батгүй цэрэг гэдэг "салхинаа ганхаж буй зэгс" гэсэн үг. Хувцас хунар хайш яйш, товчоо муу хадсан юм уу дутуу байлгавал цэрэг хүний хувьд гүйцэтгэх үүргээ мартаж байна л гэсэн хэрэг. Өчигдрийн үзлэг дээр таны товч дутуу байсны төлөө тийм үл ялих нарийн горим цэргийн албанд үгүй сэн бол хэн ч үл анзаарах ийм зүйлийн төлөө шоронд хийж буйн учир ойлгогдохгүй байж болох юм. Гэвч цэргийн талбайд бие байдалдаа ийнхүү хайш хэрэг хандвал шийтгэдэг учиртай. Яагаад тэр вэ? Гол нь таны товч дутуу байсанд биш, таныг журам дэглэмд сургахын тулд тэр юм. Өнөөдөр товчоо хадахгүй гэдэг чинь залхуурсных, маргааш болоход буугаа задлаад арчих яршигтай санагдана. Нөгөөдөр нэг буудлын газар жадаа хаяж, эцэст нь манаан дээр унтаж орхих болно. Эд бүгд зөвхөн л тэр нэг золгүй товчноос аван залхуурах болсны гай байх юм. Ийм байна даа хонгор минь! Хойшид зохих үүргээ алгуур мартан мартсаар хүлээж болох илүү хүнд цээрлэлээс сэргийлэхийн тулд таныг шийтгэж байна. Таныг би таван өдөр хорилоо. Тэгээд ус талх хоёр идээд суухдаа шийтгэл гэдэг бол өс хонзон авч байгаа бус уул цэрэг хүнийг засах тодорхой зорилго бүхий хүмүүжлийн арга юм аа гэдэг талаар эргэцүүлж бодохыг чин голоос хүсэе ...

"Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдлууд", хуудас 148-149; УБ 2009

Sunday, November 8, 2009

Мефистофэлийн Горь

Иохан Вольфханг Гётэ /1749-1832, Герман/

Хүмүүний хүч чадал, оюун ухаан хэмээгч
Хөсөр нулимагдах, дорд үзэгдэх л заяатай!
Худал хуурмагт нүд гялбасан хөөрхийс
Хувь тавилангийн эрхшээлд өчиггүй ороогдох үйлтэй!

Байж ядсан шуналаар зан суртал нь дүүрэн.
Байгаа бүхнээс тэр галзуу солиог л таашаана.
Оногдох баяр жаргалаа цаг тутам огоорч
Ойлгомжгүй хаа нэг тийш тэвдүү яаруу зугтана.

Амьдралыг би түүнд хангалттай амсуулна аа,
Аль л бузар булайн намагт тэр тийчлэх вий.
Дорд сэтгэлийн нүгэл, хоосрол гэгч юу болохыг
Туршилтыг минь туулахдаа нэг бүрчлэн үзэх вий.

Уугаад уугаад түүний цангаа тайлагдахгүй,
Идээд идээд тэр цадаж ханах үгүй,
Буг чөтгөрт биеэ үнэлэхгүй явж чадлаа ч,
Бусад нь түүнийг арилжина, хүмүүнд аврал үгүй.

Saturday, November 7, 2009

Хулгайлагдсан зүрх

Артур Рэмбо /1854-1891, Франц/;
Орчуулсан: Г.Аюурзана

Зүрх минь уйтгараа шүлс мэт нулимна,
Зүгээр энд тайван суух арга алга.
Хөлөг онгоцны хаалганууд савчиж,
Халуун тогоо бургилах сонстоод,
Хөөр наргиан, эх адаггүй шуугианаас
Хөөрхий зүрх минь залхаж уйтгарлана.
Зүрх ингэж уйтгараа нулимчаад байхад
Зүгээр энэ тавцан дээр тайван суух аргагүй.

Цэргүүдийн ер бусын хөхиүн инээд
Цэвэр зүрхийг минь буртаглаж гүйцэв.
Тэдний ер бусын, ойворгон төрх
Тийм утгагүй, уйтгарт зураг мэт.
Халгих давалгаа минь, дүүгийн ёсоор
Халтартсан зүрхийг минь угааж хайрла аа!
Цэргүүдийн ер бусын хөхиүн инээд
Цэвэр зүрхийг минь буртаглаж гүйцэв.

Тамхины утаанд мансуурсан үедээ
Тасалданги цохилох энэ зүрхийг
Хулгайд алдчихваас яавал зохилтой,
Хөөрхий тэр алдагдсан зүрх
Хэл дарвигнуулсан халуун чинжүүнээс ч
Хэмгүй гашууныг амталнам биш үү?
Тамхины утаанд мансуурсан зүрх
Тасалданги цохилохыг одоо яалтай?

Friday, October 23, 2009

Б.Ринчэн: Монгол хэл

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!

Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,
Өдөр бүр үгсий эрдэний чинь баярлан түүнэм.
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд,
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!