Pages

Tuesday, January 19, 2010

Зигмунд Фройдын дурсгалд

Вистан Хью Одэн  (1907-1973) - Англи, АНУ
Орчуулсан: Гүн овгийн Г.Аюурзана

Уй гашуу үргэлжилсээр, үй олныг хамрахын цагт
Уйтгар шаналал гэдэг ердөө л зуурдын,
Хэврэгхэн зүйл болох нь нүдэнд ил харагдахад,
Хэнийхээ тухай ярьцгаах билээ, бид?

Өнгөч хорвоо жаахан ч атугай
Үнэнээр замнаж эрүүлжинэ хэмээн
Үргэлжид найдан, сайныг санаж явагсад
Өдөр бүр л бидний дунд үхсээр байнам.

Бялдуучлан мэхийж, хүлцэн дагахыг шаардсан
Балагтай хүмүүсээс ирээдүй хойчийг өмгөөлж,
Ная гарсан хойноо ч амьдралыг маань бясалгасан
Сая бүрлээч эмч тийм л нэгэн явлаа.

...

Хуудуу булай урьдынхаараа л оршсоор байвч,
Хуурмаггүй үнэнээр тэр энэ хорвоог өөрчилжээ;
Хүүхэд мэт хиргүй ариун сэтгэлтэй явж,
Хөгшин хүний арвин дурсамжтай амьдарчээ.

Ямар нэгэн шүлгийн утга дээр будилах
Яруу найргийн хичээл шиг өнөөдрийн амьдралд
Өнгөрсөн цагийг л сануулж амжсанаас биш,
Үнэндээ тэр хосгүй ухаантан байгаагүй ээ,

Гэсхээл цээрлэл мэт энэ амьдрал маань
Хичнээн баян, хичнээн мунхаг болохыг
Шүүгдэгчдийнх нь нүднээс гэнэт олж харсан -
Шүүхийн үнэн дүр, өршөөлийг таньсан -

Энэрэн нигүүлсэх сэтгэлгүй, хуурмаг ааштай,
Эрээ цээргүй андын зугтмаар тэврэлт шиг
Ирээдүй цагийн мөн чанарыг ойлгосон -
Ийм л нэгэн, даруу төлөв хүн байлаа.

Эртний ёс заншил, язгууртан дээдсийн доройтол,
Ид шидийн мэт унацтай наймааны авралгүй сүйрэл
Аль аль нь түүний этгээд гаж санаанд
Аль дээрээс таамаглагдсанд гайхашрах юун.

Ахиад тэр жаахан насалж амжсан бол,
Амьдралын мунхаг зүй тогтол боломжгүйд хүрч,
Цулдаж зангирсан Төрийн нударга эвдэрч,
Цусан өшөөний утга учир арилах байсан.

Дарга даамлууд Бурханд хандацгаасан л даа, гэлээ ч
Дантэ шиг хаягдмал хүмүүсийн зүг тэр алхаж,
Шархадсан тэмцэгч, шоовдорлогдогсдын амийг нуусан
Шал өмхий шуудуу руу зам гажилгүй буусан.

Нүгэл гэдэг нь бидний боддогчлон ялт үйлдлүүд биш;
Нүүрлэсэн сүсэг бишрэлийн дутуудал, гажуудал,
Хүнийг эш үндэсгүй үгүйсгэхийн дон,
Хүчирхийлэхүйн ужид тачаал болохыг заасан.

Хэмжээгүй эрхт засаглалаас ямар нэгэн зүйл
Хэлэх үг, зүс царайд нь шингэсэн мэт харагдвал,
Эцгийн эрхт ёсыг тэр дагадгийнх огт биш,
Энэ бол дайснуудынхаа дунд орь ганцаар

Өчнөөн удаан амьдарч хат суусан хүний
Өөрийгөө хамгаалах хиймэл дүр байсан юм.
Үргэлж буруудаж явсан, одоо байхгүй түүний
Үзэл санаагаар л бид амьдралаа залж хоцорном...

1939.

No comments:

Post a Comment