Pages

Friday, January 22, 2010

Блэйкийн шүлэгс

Шумуул

Ганц зуны настай
Өчүүхэн шумуул
Гарын минь үзүүрт
Өртчихлөө, халаг!

Би чамаас ялгаагүй
Нэг л шумуул биш үү?
Чи надаас өөрцгүй
Хүн ч юм бил үү?

Хувь тавилангийн сохор мутар
Даль жигүүрийг минь нэтгэрэх хүртэл л
Хөөрч хөлчүүрэн наргиж яваа
Хөөрхий шавьж бус уу, би?

Эргэцүүлж сэтгэхийг л
Амьдрал гэдэг болохоор
Ингэж бодож гүйцээд л
Үхэлтэй золгох нь ээ, би.

Ай, тэгвэл ялгаагүй л
Алиахан шумуул надад
Амьдрал, үхэл хоёр
Ав адилхан биш үү?


Лондон

Таймз мөрөн дэргэдүүр нь шугамдсан мэт урсах
Тэр л эгцхэн гудамжаар би холхином.
Зөрөн өнгөрөгч хүн бүрийн царайнаас
Цөхрөл шаналал, уй гунигийг үзнэм.

Аргаа барсан орь дуу тавигдсдаас,
Арчаагүй гонгинох жаалуудын мэгшээнээс,
Сөөнгө хоолой, чийр болсон үглээнээс
Сэтгэлийг дөнгөлөгч гавны чимээг чагнанам.

Яндан хөөлөгчдийн цовоо исгэрээн л
Сүм хийдийн дүнсгэр хашааг цочооном.
Язгууртан харшуудын довжоог даган
Сүүлчийн амьсгалаа татах цэргийн цус горхилном.

Харанхуй ноёлохын цагт тэр л гудмуудаас
Хараал урсгах янхан хүүхнүүдийн зүхлийг,
Хаа нэгтээ часхийх нярай хүүхдийн уйлааныг,
Хуримын сүйх тэрэг тахалд нэрвэгдэн
Оршуулгын хөсөгт хувирахыг сонсном.

Уйльям Блэйк (1757-1827) - Англи
Орчуулсан: Гүн овгийн Г.Аюурзана

No comments:

Post a Comment