О.Дашбалбар
I
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намар би гунихгүй байж эс чадна, зүрх минь буй!
Нас талийж, өвгөрч буйгаа ч мэднэм, хүн чанар л . . .
Намайг зүүний сүвэгч шиг зайгаар ч үе үе гэрэлтүүлж
Найран дээр нулимс мэлтэрнэ, надад юу буй, юу эс буй?
Уйлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уурлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уйдах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Ухаарах минь мөн чанар бус, хүн чанар . . .
Устах минь мөн чанар бус, хүн чанар . . .
Баавгай намайг зүүдлэн нойрсдогт итгэдэг юм би,
Баруун гарт минь худал, зүүн талд минь үнэн буй . . .
Бага байгаад том болсон минь мөн чанар бус уу,
Барим тавим хувирсаар л буй нь хүн чанар бус уу,
Баян ч бус, хоосон ч бус мөн чанар минь хүн чанар!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Найзыгаа үхэхэд уйлахгүй, гунихгүй байж эс чадна
Нас барсан бүхнийг санахгүй байж эс чадна, мартахгүй
Нарлаг өдрийн гүнд салхи шуугиж буйг урьтаж мэдрэх нь
Надад мөн чанар бус, хүн чанар шүглэснийх! . . .
Би бол агаар юм, надаар амьсгалагтун, амьд буй үед минь
Би бол гал юм, надаар дулаацагтун, амьд буй үед минь
Би бол гол ус юм, намайг уугтун, гагцхүү амьд буй үед минь
Би бол намар юм, надаар сэрүүцэгтүн, гагцхүү амьд буй үед минь
Би хэзээ ч та нарт олдохгүй, би хэзээ ч олдохгүй, юу үүэн, тэр үнэн!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намайг дурлалаа идэж, хайраа цамц болгосныг минь харагтун
Намайг үхэр шиг мөөрч, нохой шиг хуцаж явааг минь харагтун
Намайг бурхан шиг инээж, харгуйн тоос босгохыг минь харагтун
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
II
Надаас сайн сайхныг бүү эрэгтүн, би жоом алдаг
Намар мөөг түүж, хар шөл ууж, хар амиа боддог
Найтааж, ханиад хүрч, эм ууж, бусдыг бас хараадаг
Навс болтлоо согтож, агсам тавьж, нохой өшиглөхөөс буцахгүй
Надаас сайн сайхныг бүү эрэгтүн, би цэцэг тасалдаг
Мөн чанар минь хүн чанар болохоор би яах юм?
Мөрөөдөж, дэмий сэлгүүцэж, хайртай хүүхнээ хардаж,
Мөнгө үрж, Достоевскийд атаархаж, нэр алдарт шунаж,
Мөсгүй зан гаргаж, хүнээс зээлснээ өгөхөөс ч татгалзаж,
Мөн чанар минь хүн чанар болохоор би яах юм?
Надаас муу муухайг бүү эрэгтүн, өнчнийг би өрөвддөг
Нарны доор адилхан л хоног элээж яваа бусдыгаа хайрладаг
Нарсны хоригдлыг, ээжтэй нь цуг бодохоор тэсэхгүй уйлдаг
Намуухан шөнө хүүхдүүдэд үлгэр ярьж тайван нойрсуулдаг
Надаас муу муухайг бүү эрэгтүн, би ялаа ч хороохгүй
Өөдгүй алдааг надаас бүү хай, чоныг ч би хайрладаг
Өмсөж зүүж явснаа хэнд ч тайлаад л өгдөг, би хүн
Өвчтэй эмгэнийг шөнөжин сахиж, цурам хийлгүй хонодог
Өвлийн жаварт золбин нохойг харахаар зүрх шархирдаг
Өөдгүй алдааг надаас бүү хай, хулгайчийг ч би өрөвддөг
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Нартад би хүнд тусалж, заримдаа хүнээс тус хайж гэлдэрнэм
Намуухан уянга, зэрлэг хашгираан хоёулаа надад буй
Наадам цэнгэл, сэтгэлийн там хоёулаа миний орон гэр
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Энэ биед минь мөн чанар буй аваас, тэр нь хүн чанар л . . .
Эрх чөлөөтэй болмогцоо л би, эргээд түүндээ дургүй хүрдэг
Эгнэгт боол байюу гэтэл, эрх чөлөөг ямагт дээдэлдэг
Энэ хоёрын хооронд тэлэгдэж, учраа олохгүй явдаг
Энэ биед минь мөн чанар буй аваас, тэр нь хүн чанар л . . .
III
Буй бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Бусдаас хайр нэхдэг хэрнээ, өөрөө түүнийгээ өгч чадахгүй
Буян үйлдэж чилэх хэрнээ, буг болж нөхдөө загнуулдаг
Буруу харж суух хэрнээ, ард болж буйг ч бас мэддэг
Буй бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Эр бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Эм хүнд дургүй хэрнээ, тэдэнгүй байж бас л чадахгүй
Эд баялагт дургүй хэрнээ, элбэг амьдралд дасах янзтай!
Эрх тушаалд дургүй хэрнээ, эрээлхэж цээрлэхгүй загнах аястай
Эр бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Муу бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Мунхагт бас дургүй хэрнээ, ухаантайг нь хүлцэж чадахгүй . . .
Муруй хамартайд дургүй хэрнээ, шулууныг бас тэвчиж чадахгүй
Муусайн баячуулд өших хэрнээ, хоосон ядууд бас дургүй
Муу бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Мөн чанарыг нь мэдье гэвэл, хэн л чадах билээ?
Мөрөн гол руу тэмүүлэх хэрнээ, гурав хоноод л зугатаадаг
Мөст оргил руу авирах хэрнээ, говь цөл рүү тэнүүчилдэг
Мөнх амьдрал хүсэх хэрнээ, нэг агшнаас л дорхноо уйддаг
Мөн чанарыг нь мэдье гэвэл, хэн л чадах билээ?
Үнэн чанарыг минь танья гэвэл, хэн л чадах билээ
Үгүйсгэж чадсан бүхнээ, шүтээн гээд тахиж залбирна
Үргэлж дээдэлж явснаа ч, үнсэнд ортол муу хэлнэ
Үзээрийн муухай хүнийг ч, үнэхээрийн сайхан хэмээн зална
Үнэн чанарыг минь танья гэвэл, хэн л чадах билээ
Ийнхүү бид хоёр туйл руу цагийн зүү шиг хэлбэлзэж амьдарна
Ид шид үгүй ч, нарыг эвэртэй, сарыг шидтэй болгож төсөөлнө
Инээх уйлах хоёрын завсарт та нар шиг л савлаж явна
Их бага хоёрын дунд эзэн хаан шиг, боол шиг амьдарна
Ийнхүү би ч, та ч, хэн хэнийгээ хэлэлтгүй “хүн чанартай” буюу ...